Залуучуудын Хөгжлийн Үндэсний Есдүгээр чуулганы зөвлөмж

Залуучуудын Хөгжлийн Үндэсний Есдүгээр чуулганы зөвлөмж

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Төрийн ордны их танхимд 2023 оны 8-р сарын 25-ны өдөр Монголын залуучуудын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “Залуучуудын хөгжлийн үндэсний есдүгээр чуулган”-ы 800 оролцогч бид Иргэний нийгэм-хувийн хэвшил-төрийн түншлэлийг бэхжүүлэх замаар үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилтэд хамаарал бүхий талуудын оролцоог хангасан зохистой байдлыг бүрдүүлэх эрхэм зорилгыг “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан эрхэм зорилгын биелэлтийг хангахад хувь нэмрээ оруулах зорилгоор хуран цуглаж, Монгол Улсын Үндсэн Хуулиар тунхагласан хүмүүнлэг, ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхэд залуучуудын бодит, ухаалаг, бүтээлч оролцоог нэмэгдүүлэх нь зайлшгүй болохыг хүлээн зөвшөөрч, Залуу хүн бүрийн эрхэм чанарыг хүндэтгэдэг, шударга, алагчлалгүй, хүний эрхийг дээдэлсэн нийгмийг цогцлоохын төлөө залуучууд бол асуудал дагуулсан эмзэг бүлэг биш, харин хариуцлагатай, эерэг өөрчлөлтийг бий болгох хүч гэдгийг цохон тэмдэглэж, Залуучуудын олон талт төлөөлөл бүхий талуудын санал – шийдлийг тусгаж, монгол хүний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд иргэний нийгэм, хувийн хэвшил, төр, олон улсын байгууллагын түншлэлд суурилсан оролцоог хангах зорилгоор энэ жилийн чуулганыг 21 аймаг, 9 дүүргийн 800 залуусын төлөөллийг оролцуулан зохион байгуулж байна. Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын Залуучуудын Эвсэл, олон улсын байгууллага болон нийт залуучуудын байгууллага, залуусдаа хандан энэхүү ЗӨВЛӨМЖИЙГ БАТЛАВ:

Монгол Улсын Их хурал, Засгийн газар, Хууль зүй, Дотоод хэргийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон бусад холбогдох яам, агентлагуудад

1. Иргэний орон зайг тэлэх, хүний эрхийн түгээмэл соёл бэхжүүлэх чиглэлээр:

● Иргэний нийгмийн талбарын тоглогчид ялангуяа залуучуудын иргэний нийгмийн байгууллага, залуучуудын үзэл бодол, байр сууриа илэрхийлэх эрх чөлөөг хангах, хамгаалах чиглэлд анхаарч ажиллах;  

● Иргэдийн эвлэлдэн нэгдэх, эвсэл холбоо байгуулах эрх чөлөөг хангах, ТББ-ын эрх зүйн орчныг сайжруулах, татварын бодлогоор дэмжих чиглэлд анхаарлаа хандуулах;

● Төр – иргэний нийгмийн түншлэлийн баримт бичгийг иргэний нийгмийн олонлог төлөөллийн оролцоог хангаж боловсруулан батлах;

● Иргэд тэр дундаа залуучуудын утга учиртай оролцоог хангасан төрөөс залуучуудын асуудлыг хариуцсан бүтцийг бий болгох;

● Залуучуудын олон төлөөллийн онцлог, хэрэгцээ шаардлагыг ойлгож хүлээн зөвшөөрөх, төрийн үйлчилгээг хүний эрхэд суурилсан хандлагаар хүргэх, Алсын хараа 2050 -д заасан хүний эрхийн түгээмэл соёлыг бий болгоход төр, төрийн

албан хаагчид манлайлах;

● Залуучуудын иргэний боловсрол, хүний эрхийн талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэх сургалт мэдээллийн арга хэмжээг санаачлан хэрэгжүүлэх;

 

2. Эрх зүйн шинэтгэлд залуучуудын утга учиртай оролцоог хангах чиглэлээр:

● Аливаа хуулийн шинэчлэлийг хийхдээ хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу эрх ашиг нь хөндөгдөж буй бүлгүүдийн төлөөлөлд мэдээлэл хүргэх, саналыг тусгах чиглэлд анхаарч ажиллах;

● Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг олон нийтэд таниулах,хэрэгжилтийг хянах, үнэлэх, хангах чиглэлд анхаарч ажиллах;

● Хөдөлмөрийн тухай хууль, нийгмийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн уялдаа холбоог хангахад анхаарлаа хандуулах;

● Залуучуудын оролцоог тогтмол бодлого шийдвэр санаачлах, төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх шатанд утга учиртай оролцоо гэж хүлээн зөвшөөрч хамтрах;

● Бодлого боловсруулагчид хууль журмыг иргэд залуучуудад ойлгомжтой үг хэллэгээр боловсруулж баталж, түүнийгээ иргэдэд үр дүнтэй таниулах үүргээ илүү сайн хэрэгжүүлэх;

● Залуучуудын Үндсэн хуулиар олгосон эрхээ эдлэх боломж, зохицуулалтыг төрөөс хийж өгөх;

● Хүний хөгжлийн хөтөлбөрийг 10 жилээр батлах тухай эрх зүйн орчныг дэмжин, Засгийн газар батлах;

● Бүхий л хууль тогтоомжийн өөрчлөлт залуучуудад хамааралтай байна. Гэсэн хэдий ч шинэчлэгдэж буй хуулиуд нь залуучуудын оролцоог хангалттай тусгаж чадахгүй, хууль тогтоомжийн хуулийг зөрчиж байгаа тул олон нийтийн хэлэлцүүллэгүүдийг тогтмол зохион байгуулах ;

● Намрын чуулганаар батлах 70 гаруй хуулийн жагсаалт гаргасан боловч хуулийн төслөө одоог хүртэл танилцуулаагүй байгаа нь залуучуудын оролцоог ноцтой хязгаарлах нэг шалтгаан болж байгаа тул энэ жагсаалтыг олон нийтэд нээлттэй болгох, цахим сувгуудад байршуулах;

3. “Сайн дурын ажил ба соёлын бүтээлч үйлдвэрлэгч, сайн дурын ажлын удирдлага,

зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр:

● 2021 онд баталсан “Сайн дурын ажлыг бүртгэх, баталгаажуулах журам”-ыг залуучуудын саналыг тусгаж сайжруулан шинэчлэх, ингэхдээ төрийн зүгээс сайн дурын ажилтнуудыг хөдөлмөрийн мөлжлөгт өртөхөөс хамгаалах зохицуулалтуудыг тусгах;

● Сайн дурын ажилтныг бүртгэн баталгаажуулах харилцааг залуучуудад ээлтэй чирэгдэлгүйгээр иргэний нийгмийн байгууллагад гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх хувилбарыг сонгох;

● Сайн дурын ажлын үнэ цэн, утга учир, улсын төсөвт оруулж буй хувь нэмрийг үнэлж, олон нийтэд түгээх үйл ажиллагааг талууд хамтран дэмжих;

● “Гамшгаас хамгаалах сайн дурын ажиллагааны нийтлэг журам”-ын дагуу гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцох иргэнийг бүртгэх, баталгаажуулах харилцааг нарийвчлан зохицуулсан байхад “Залуучуудын сайн дурын ажлыг бүртгэх, баталгаажуулах журам” тухайн нарийвчилсан журамтай нийцүүлэх;

● Соёлын салбарын залуу мэргэжилтнүүдийг хөдөлмөрийн мөлжлөгөөс хамгаалах, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх, бэлгийн мөлжлөг, сэтгэл зүйн дарамт зэргээс ангид ажиллах нөхцөл боломжоор хангасан эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллах;

● Сайн дурын үйл ажиллагаанд оролцсон залуучуудад олгох цалин хөлс, урамшууллаас нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх хэмжээг тогтоох

4. Тогтвортой хөгжилд иргэний нийгэм, хувийн хэвшил, төрийн хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр:

● Монгол улсын төр Тогтвортой хөгжлийн зорилго 2030 -ийг хэрэгжүүлэхээр олон улсын нийгэмлэгийн өмнө авсан амлалтаа хэрэгжүүлэхэд илүү санал санаачилга, чармайлт гарган ажиллах, эдгээр зорилгыг хэрэгжүүлэхэд төр,иргэний нийгэм, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулахад тодорхой санаачилга гаргах;

● Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд иргэд, залуучуудын хэрхэн хувь нэмрээ оруулах талаар хэлэлцүүлэг өрнүүлэх, оролцоог нэмэгдүүлэх;

● Олон улсын байгууллага болон иргэний нийгмээс гаргаж буй санаачилгыг дэмжин хамтран ажиллах, санаачилгаа хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх;

● Хамтын ажиллагаанд оролцогч талууд бие биенээ харилцан ойлгож, оролцогч талын онцлог, хэрэгцээ шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс эхлэх;

● Хувийн хэвшлийн нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй бизнес, үйлдэрлэл, зохистой хэрэглээг дэмжих, татварын хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх, сайн туршлагыг түгээх;

● Залуучуудын зохистой хэрэглээ, ногоон ур чадвар, ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, хандлагыг өөрчлөх сургалт, нөлөөллийн ажил өрнүүлэхэд хамтран ажиллах;

● Дахин боловсруулах хог хаягдал, хог ангилах зэрэг мэдлэг ойлголтыг бүх түвшнийхэнд хүргэх, орон нутгийн хэмжээнд яаралтай хэрэгжүүлж эхлэх

5. “Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийг бэхжүүлэх чиглэлээр:

● Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хүрээнд ажиллаж буй Залуучуудын хөгжлийн үндэсний болон салбар зөвлөлийн бүтцийг эргэн харж, зайлшгүй Ерөнхий сайд, Засаг дарга удирдах шаардлагатай эсэхийг тодруулах шаардлагатай;

● Бүх шатны зөвлөлд иргэний нийгэм, залуучуудын эзлэх хувийг өндрөөр тогтоож, төр засгийн шийдвэр гаргалтын аль түвшинд зөвлөмж, дүгнэлт гаргахыг тодорхой болгох, гарсан зөвлөмжийг холбогдох төрийн байгууллага заавал харгалзан үздэг болох талаар нарийн журамлаж зохицуулах;

● Зөвлөлийн гишүүд болон ажлын албаны сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулж, идэвх оролцоо сул тохиолдолд тодорхой журмын дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлдөг тогтолцоог бий болгох;

● Зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулж, хуралдаанаар шийдвэрлэх шаардлагагүй асуудалд цахим шуудан, албан бичиг зэрэг харилцаа холбооны хэрэгслээр санал өгөх боломжийг бүрдүүлэх;

● Залуучуудын амьдралд холбогдох асуудалд нэгдмэл байр суурь илэрхийлэх, холбогдох албан тушаалтныг зөвлөлийн хуралдаанд оролцуулан санал дүгнэлт өгөх хууль зүйн боломжийг бүрдүүлэх;

● Үндэсний зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар салбар хоорондын уялдааг хангах талаар тодорхой дэд бүтцийг бий болгож, Үндэсний зөвлөлийн дүрэмд дээрх болон бусад өөрчлөлтийг оруулж шинээр дахин боловсруулахдаа оролцогч талуудын саналыг тусгаж зөвшилцөх. Шаардлагатай тохиолдолд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар судлах;

● Залуучуудын хөгжлийн бүтэц, залуучуудын хөгжлийн ажилтнуудыг улс төрийн намын нөлөөллөөс ангид байх, тогтвортой ажиллах, ажлын байран дээрээ хөгжих боломжийг бүрдүүлэх;

● Салбар зөвлөлийг орон нутагт хүндрэл бэрхшээлгүй хуралдуулах, орон нутгийн төрийн захиргааны байгууллагатай зөрчилдөөнтэй байдалд оруулахгүй байх талаар анхаарах;

 

6. Залуучуудын ур чадвар, энтерпренершип, зохистой хөдөлмөр эрхлэлт, олон улсын санал, санаачилгыг дэмжиж хамтран ажиллах чиглэлээр:

● БШУЯ салбарын стратеги бодлогодоо залуучуудын зөөлөн ур чадвар, дижитал ур чадварыг хөгжүүлэх асуудлыг төлөвлөх, төсөвт суулгах;

● ХНХЯ болон Хөдөлмөр халамж үйлчилгээний газар дээрх стратеги бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, хамтран ажиллах түншлэлийг хөгжүүлэхэд манлайлал үзүүлэн ажиллах;

● Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн бэрхшээлийн онцлогт тохирсон зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх;

● Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан Мэргэшүүлэх ур чадварын сургалтыг ТББ -аар гүйцэтгүүлэх сайн туршлага байгаа боловч сургалт зохион байгуулах гэрээнд ажлын байранд зуучлаж ажил олгож өгөх өөр үйлчилгээг нэгтгэн хүндрэл учруулдаг алдааг засах;

● Залуучуудад халамж өгөхөөс илүү хувийн биенес, аж ахуй эрхлэх хандлагыг нэмэгдүүлэх, мэдлэг, цахим ур чадварыг нь хөгжүүлэх, бие даан амьдрах чадавх зэрэг зөөлөн ур чадварыг хөгжүүлэхэд төрөөс тогтвортой дэмжлэг үзүүлэх;

● Өсвөр үеийнхэн, залуучуудыг чанартай боловсрол эзэмших тэгш боломжоор хангахад тодорхой хөрөнгө мөнгө төсөвлөж түүнээ үр дүнтэй зарцуулах;

● Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлийн төсөл хөтөлбөрийг судалгаан дээр үндэслэн боловсруулах, хэрэгжилтийн үнэлгээн дээр үндэслэн дараагийн хөтөлбөрийг боловсруулан зохион байгуулах; Бодлого, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, хянахад залуучуудын оролцоог хангах

● Мэдлэгт суурилсан эдийн засагт ажиллах олон янзын ур чадварыг хөгжүүлэх замаар хөрвөх, давхар орлогоо нэмэгдүүлэх боломжийг залуучуудад олгох талаар боловсролын байгууллага, ажил олгогч, суралцагч, төгсөгчдийн аль аль нь ойлголт, мэдээлэлтэй байх орчинг бүрдүүлэх;

● Интернет, нийгмийн цахим сүлжээгээр голдуу мэдээлэл авч байгаа өсвөр үеийнхэн, залуучуудыг суралцах мэргэжил, тохирох ажлаа зөв сонгоход хөдөлмөрийн зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа, мэргэжлийн зөвлөгөө үзүүлэх;

● Залуучуудыг дижитал технологийн мэдлэгт суурилсан ур чадвартай хөдөлмөрийн зах зээлд хэрэгцээтэй ажлын байранд бэлэн мэргэжилтэн болгож бэлдэхэд улс төсөв хөрөнгөө зарцуулах;

● Залуу ээж, өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй ээж нарыг чадавхжуулах, ур чадварыг дээшлүүлэх, өрхийн аж ахуйг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх, залуучуудын санаачилсан дижитал шийдлийг дэмжих, бэлэн буй палатформууд дээр төрөөс контентыг байрлуулах зэргээр хамтран ажиллах;

● Хөдөлмөрийн харилцаанд орох залуучуудын туршлага муугаас хөдөлмөрийн мөлжлөгт орох эрсдэлээс сэргийлэх эрх зүйн зохицуулалт хийх;

● Залуучуудын гадаадад хөдөлмөр эрхлэх урсгалыг бууруулах зорилгоор инновацийн төвүүдийг залууст ойр байгуулж ажилуулах;

● Малчдын олон жилийн хөдөлмөр шингэсэн мал аж ахуйн бүтээгдхүүнийг зах зээлийн үнээр борлуулах боломжийг халамжийн бус хөгжлийн бодлогоор дэмжих,

7. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр:

● Хуулийн хэрэгжилтийн үнэлгээнд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, бодлогын үнэлгэээн дээр суурилан өөрчлөлт оруулах;

● Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн хэрэгжилтийг хангах төрийн захиргааны байгууллагын бүтцийг тогтвортой, үр дүнтэй ажиллах боломжит хувилбараар шийдвэрлэх;

● Залуучуудын хөгжлийг дэмжих үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх залуучуудын иргэний нийгмийн байгууллагыг магадлан итгэмжлэх журмын төслийг залуучуудын иргэний нийгмийн байгууллагуудын өргөн бүрэлдэхүүнээр хэлэлцүүлж, саналыг тусгах;

● Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийг хэрэгжүүлэх санхүүжилт босгох механизмыг дараагийн хуулийн өөрчлөлт дээр оновчтойгоор шийдвэрлэх;

● Хуулийг хэрэгжүүлэх төрийн захиргааны байгууллага, албан тушаалтныг хууль хэрэгжүүлэх үүргийг тодорхой болгож, хариуцлага тооцох механизмыг бий болгох;

● Залуучуудын хөгжлийн тэргүүлэх чиглэлд Эрүүл мэндийн асуудлыг тусгах;

● Залуучуудын хөгжлийн чиглэл, үйл ажиллагааны төлөвлөгөөг 2024 биш 2027 он хүртэлх буюу 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөгөөг гаргах;

● Үйл ажиллагааны төлөвлөгөөг илүү нарийвчлан тодорхой үйл ажиллагаа, арга хэмжээг төлөвлөх;

● Залуучуудын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх сургалт, семинар, уулзалт, хэлэлцүүлгийг төлөвлөх;

● ХНХЯ дэргэд залуучуудын санал бодлыг бодлого шийдвэртээ тусгах орон тооны бус Залуучуудын Зөвлөлтэй болох, залуучуудтай эрх мэдлээ хуваалцах; Бидний боловсруулсан энэхүү Зөвлөмжийг хүлээн авч цаашид залуучуудын хөгжил, оролцооны асуудлаар бодлого боловсруулах, шийдвэр гаргах, бодлого хэрэгжүүлэхдээ анхааран хэрэгжүүлж төрийн бодлого, үйлчилгээг залууст ээлтэй болгохыг хүсэж байна.