“Намрын ногоон өдрүүд” есдүгээр сарын 20-26-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

“Намрын ногоон өдрүүд” есдүгээр сарын 20-26-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төр, хувийн хэвшлийн хамтыг ажиллагааг сайжруулах, тухайн жилийн ажил үйлсээ дүгнэн хэлэлцэх, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилгоор жил бүр “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. 

Өдгөө 18 дахь жилдээ зохион байгуулж буй “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2023” нэгдсэн арга хэмжээг есдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээнд нийслэл, орон нутгийн 500 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа бөгөөд хүнс, газар тариалан, хөнгөн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 3000 орчим нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхээр зорьж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх санаачилга гаргасан.

Энэхүү үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-ын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг баталсан.

Тус тогтоолын хэрэгжилтийг хангах, дотоодын боловсруулах үйлдвэрийг дэмжин хөгжүүлэх нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэл болоод байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.