Ж.ГАНБАТ: Нягтлан бодогч Д.Алтанцэцэг нь урьдчилгаа төлбөрийн баталгаагүй 20.9 тэрбум төгрөг шилжүүлэхээр оруулж ирсэн

Ж.ГАНБАТ: Нягтлан бодогч Д.Алтанцэцэг нь урьдчилгаа төлбөрийн баталгаагүй 20.9 тэрбум төгрөг шилжүүлэхээр оруулж ирсэн

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Алтанцэцэг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн тухай “Өдрийн сонин”-ны 2023 оны 9 сарын 25-ны өдрийн дугаарт ярилцлага өгсөн. Түүнийг ямар шалтгаанаар ажлаас чөлөөлсөн талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатаас тодрууллаа.

-Өчигдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Алтанцэцэг ярилцлага өгөхдөө үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн тухай мэдэгдсэн. Түүнийг яг ямар шалтгаанаар, хэзээ, ажлаас чөлөөлсөн бэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоогоод миний бие тухайн өдрийн үдээс хойш ажилдаа орсон.

Намайг ажлаа авсаны маргааш буюу 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ерөнхий нягтлан Д.Алтанцэцэг “Элгэн” ХХК-д Тавантолгой ордын далд уурхайн хайгуул судалгааны ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр болох 20.9 тэрбум төгрөг шилжүүлэх гүйлгээний баримтад гарын үсэг зуруулахаар оруулж ирсэн. Гэтэл тус компанитай 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “нууц” гэрээ байгуулсан байсан бөгөөд хоёр хоногийн дараа ямар ч банкны баталгаагүйгээр 20.9 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөр шилжүүлэх оролдлого хийсэн.

Түүний энэ үйлдэл нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.8-д заасан “урьдчилгаа төлбөрийн баталгаа” буюу захиалагч урьдчилгаа төлбөр төлөх тохиолдолд уг төлбөрийг гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулах үүргээ баталгаажуулж гүйцэтгэгчээс захиалагчид ирүүлсэн банкны баталгаа байхгүй, 44 дүгээр зүйлийн 44.2-т “Захиалагч урьдчилгаа төлбөрийн дүнтэй тэнцүү хэмжээтэй гүйцэтгэгчийн ирүүлсэн энэ хуулийн 20.2-т заасан баталгааг үндэслэн урьдчилгаа төлбөр төлнө” гэж заасан хуулийн заалтуудыг зөрчин “Элгэн” ХХК-д давуу байдал олгосон, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг санхүүгийн эрсдэлд оруулсан, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан нөхцөл байдал үүссэн, нөгөөтэйгүүр ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн учир 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

-Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин 20.9 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөр шилжүүлэхээр орж ирсэн гэлээ. Танай компани энэ хууль зөрчсөн асуудалд ямар арга хэмжээ авсан бэ?

-Бид энэ асуудлыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар хандсан. 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн албан бичгээр “Элгэн” ХХК-д холбогдох эрүүгийн хэрэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Алтанцэцэг болон нэр бүхий бусад албан тушаалтнуудыг холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар бидэнд мэдэгдсэн. Үүнээс гадна, компанийн 2022 оны буюу Д.Алтанцэцэгийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан үеийн санхүүгийн тайланд хийсэн аудитаар нэлээд хэдэн зөрчил дутагдал илэрсэн байдаг.

Тухайлбал, 2019 оны 12 сард “МЭК” ХХК-тай байгуулсан, дотоодын болон гадаадын санхүүгийн зах зээлд үнэт цаас гаргах, арилжаалахтай холбоотой 1.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий “Зөвлөх үйлчилгээний гэрээ”-ний үлдэгдэл төлбөр болох 369.9 сая төгрөгийн төлбөрийг гэрээний холбогдох заалтуудыг зөрчин эцсийн тайлан, гэрээ дүгнэсэн акт үйлдэхгүйгээр шилжүүлсэн байна. Мөн энэхүү гэрээтэй холбоотой аудитын тайлан зөвлөмжид “Бондын ажиллагааны зардалд өмнөх тайлант хугацаанд урьдчилгаа дансанд бүртгэлтэй байсан IPO гаргах ажлын хүрээнд 2019 онд байгуулсан МЭК ХХК-тай хийсэн гэрээний дүн 1,289.9 сая төгрөгийг оруулан тооцсон. Бондын ажиллагааны зардлыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлснээр үнэт цаасны үр өгөөжийг зөрүүтэй илэрхийлэхэд хүргэх эрсдэлтэй байна” гэж аудитаас дүгнэсэн.

Иймд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 03 дугаартай “Үнэт цаас гаргах зөвшөөрөл олгох тухай” тогтоол гарахаас өмнө гарсан хувьцаа /IPO/-тай холбоотой дээр дурдсан зөвлөх үйлчилгээний гэрээний төлбөрийг Бондын ажиллагааны зардалд оруулсан зөрчилтэй холбоотой асуудлыг холбогдох хуулийн байгууллагаар шалгуурахаар ажиллаж байна.

-Д.Алтанцэцэг нь ажлаас чөлөөлөгдсөн асуудлаар шүүхэд хандсан тухай ярьсан байсан. Шүүхийн шийдвэр гарсан уу?

-Чингэлтэй дүүргийн шүүхэд хандсан байна лээ. Ажилд эргэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, үр дүнгийн урамшуулал олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн шүүх хэлэлцээд 2023 оны 6 сарын 8-ны өдөр хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн.

-Түүний ярилцлагад Онцгой дэглэмийн үеийн борлуулалтын орлого нэмэгдсэн нь ковидын үе буюу экспорт зогссон үеийн тоон үзүүлэлттэй харьцуулж өссөн мэт харагдаж байгаа гэсэн байсан. Эрдэнэс Тавантолгой ХК-д Онцгой дэглэм тогтоосон 10 сарын хугацаанд борлуулалт, экспорт хэрхэн өөрчлөгдсөн бэ. Засгийн газраас 500 сая ам.доллар төвлөрүүлэх үүрэг өгсөн. Үүний биелэлт ямар хэмжээнд байгаа вэ?

-Компани үүсэн байгуулагдаад 13 жил болж байна. Энэ хугацаанд 2019 онд хамгийн өндөр борлуулалтыг хийсэн бөгөөд 15.5 сая тонн нүүрс борлуулж байсан. Энэ нь ковидын өмнөх энгийн үе гэсэн үг. Харин ковид гарсан 2020, 2021 онуудад борлуулалт дунджаар 9.1 сая тонн байсан. 2022 оны 10 сард компанид Онцгой дэглэм тогтоосноос хойш 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 11 сар орчмын хугацаанд 24.5 сая тонн нүүрс экспортолж 2.4 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж байна. Өөрөөр хэлбэл компани байгуулагдсанаас өнөөдрийг хүртэл хугацааны хамгийн өндөр борлуулалтыг хийн, улс болон орон нутгийн төсөвт 2.4 их наяд төгрөгийн татвар хураамж төлөөд байна. Энэ бол бодит тоо.

Онцгой дэглэмийн хугацаанд Монголбанканд 1.4 тэрбум ам.долларыг арилжин, Монгол Улсын гадаад валютын нөөцийг 1.6 тэрбум ам.доллараар нэмэгдүүлж эдийн засгийн өсөлтөд бодит дэмжлэг үзүүлж байна.

Ярилцсанд баярлалаа