Төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний 90 жилийн ойг угтсан ЭШБХ болно

Төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний 90 жилийн ойг угтсан ЭШБХ болно

Монгол Улсын Төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний 89 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал ирэх долоо хоногийн пүрэв гараг буюу найрагчийн мэндэлсэн өдөр аравдугаар сарын 12-нд болох гэж байна. “1960-аад оны Монголын яруу найргийн шинэчлэл ба Нямбуугийн Нямдорж” сэдвийн дор болох уг эрдэм шинжилгээний бага хуралд Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор (Ph.D), профессор Ч.Дагвадорж, МУБИС-ийн багш, утга зохиол судлаач, доктор (Ph.D) Г.Батсуурь, доктор Р.Чойномын “Өд” сангийн тэргүүн, доктор (Ph.D) Д.Ганболд, МУИС-ийн багш, утга зохиол судлаач, доктор (Ph.D) А.Мөнх-Оргил, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн судлаач, доктор (Ph.D) Б.Мөнхбаяр, утга зохиол судлаач, доктор (Ph.D) Г.Бямбажав, СУИС-ийн багш, утга зохиол судлаач,яруу найрагч, зохиолч Ч.Баяраа, СИТИ дээл сургуулийн багш, утга зохиол судлаач Х.Чойдогжамц нар илтгэл тавьж хэлэлцүүлэх юм. Эдгээр эрдэмтэн судлаачид Н.Нямдоржийн яруу найраг дахь эрх чөлөөний үзэл санаа, постхуманист сэтгэлгээ, түүний шүлгүүдийн хэлний онцлог, Төрийн соёрхолт яруу найрагч Н.Нямдорж, Р.Чойном нарын нөхөрлөл, уран бүтээлийн харилцан нөлөөлөл зэрэг өргөн сэдвээр илтгэл тавих юм байна.

Мөн энэ үеэр Н.Нямдорж найрагчийн анхны бүтээлүүд болох “Үүлэн бор”, “Онон хатан ээжий” номуудыг 60 гаруй жилийн дараа нэгтгэн эмхэтгэж гаргасан “Онон хатан ээжий” номын нээлт, найрагчийн гарын үсгийн дардас бүхий номын худалдаа болох аж. Эзэндээ алдар хүнд, хавчигдал, хэлмэгдлийн аль алиныг авчирч, яруу найрагт цоо шинэ үзэгдэл болсон эдгээр номууд хожим төрийн соёрхлынх нь зарлигт дурдагдсан байдаг.

Монгол Улсын төрийн соёрхолт яруу найрагч Н.Нямдорж 1934 оны аравдугаар сарын 12-нд Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Бүрхийн төгөл хэмээх газар мэндэлжээ. Нэрт яруу найрагч Д.Сэнгээ, дорнын их яруу найрагч Б.Явуухулан нарын дараа 1957-1962 онд Москва хот дахь М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцан төгссөн байна. Анхны ном нь 1959 онд “Үүлэн бор” нэртэйгээр хэвлэгдсэнээс хойш 1992 оныг хүртэл яруу найргийн нийт 13 ном хэвлүүлж, 1992 онд шилдэг шүлгүүдээрээ Монгол Улсын төрийн соёрхол хүртжээ.

Н.Нямдоржийг Монголын яруу найрагт чөлөөт сэтгэлгээний салхи оруулсан яруу найрагч гэж зүй ёсоор үнэлдэг. Н.Нямдорж бол 1960-1970 онд Монголын яруу найрагт хэлбэр, агуулгын хийгээд сэтгэлгээний шинэчлэлийг авчирсан, өвөрмөц, давтагдашгүй яруу найрагч юм. Тиймээс 1980-1990-ээд оны Монголын яруу найрагт ч түүний нөлөө асар их бий. Шинэ зууны яруу найрагт Н.Нямдоржийг шүтэн бишрэгчид бүхэл бүтэн урсгал, чиглэл болсон гэж хэлж болно. Их найрагчийн төрөлх нутаг Хэнтий аймгийн Батширээт сумынх нь дунд сургуулийг Н.Нямдорж найрагчийн нэрэмжит болгосон бөгөөд сургуулийн өмнөх талбайд босгосон гэрэлт хөшөөнд “Онон хатан ээжий” шүлгийнх нь шадыг сийлэн мөнхжүүлсэн билээ.

Яруу найрагч Н.Нямдорж, П.Сандуйжав, Т.Галсан нар