Улаангом-Ховд, Улиастай-Алтай чиглэлийн авто замын төсөл хэрэгжинэ

Улаангом-Ховд, Улиастай-Алтай чиглэлийн авто замын төсөл хэрэгжинэ

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 2023 оны 10 дугаар сарын 10-нд Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон Коулинтай уулзаж, хамтран хэрэгжүүлж буй авто замын төсөл хөтөлбөрүүдийн явц, шинээр хэрэгжих төслүүдээ эрчимжүүлэхээр тохирлоо.
 
Сайд С.Бямбацогт уулзалтын эхэнд, Азийн хөгжлийн банк нь 1990 оноос хойш Монгол Улсын зам, тээврийн салбарт 55 төсөл, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлсэнд талархаж байгаагаа хэллээ.
 
Одоогийн байдлаар Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн авто замын хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг 4 эгнээ болгох төслийн 5 багц барилгын ажил 89% хувийн гүйцэтгэлтэй байна.
 
Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн 57.56 км авто замын их засварын ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-ний өдөр эхлүүлсэн. Ирэх 11 сард багтааж, ашиглалтад бүрэн оруулна.
 
Дархан-Алтанбулаг чиглэлийн 118 км авто замын засварын ажлын гүйцэтгэгчээр “Үйлсийн зам” ХХК шалгарч, ирэх 2024 оны зургаадугаар сарын 15-ны өдөр дуусгана.
 
Цаашид, Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд аймгуудыг авто замаар холбох, хилийн боомт чиглэсэн авто зам барихад онцгойлон анхаарч байна.
 
Үүний хүрээнд Ховд-Улаангом чиглэлийн 163.3 км, Улиастай-Алтай сумыг холбох 198 км авто замыг төслүүдийг эхлүүлэн тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, ачаа болон зорчигч тээврийн нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлсэнээр цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлж Ази, Европыг холбосон таван авто замын коридортой болгоно.
 
Мөн Алтанбулаг, Замын-Үүд боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Цагааннуур, Ярант зэрэг алслагдсан боомтуудын үйл ажиллагааг сэргээх зэрэг зорилт тавин ажиллаж байгааг дурдлаа.
 
Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин уулзалтын төгсгөлд хэлэхдээ,
 
Өнгөрсөн хугацаанд манай хоёр байгууллагын хамтран хэрэгжүүлсэн авто замын барилгын ажлын төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжсэнд талархалтай байна.
 
Цаашид бүс нутгийн авто замын хөгжилд Азийн хөгжлийн банкны зүгээс илүү ач холбогдол өгч, хамтран ажиллахаа илэрхийллээ. Уулзалтын үр дүнд талууд цаашид хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх чиглэлээр харилцан ойлголцолд хүрлээ.
 
Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь шинэ суурин төлөөлөгч Хатагтай Шэннон Коулин нь эрчим хүч болон олон салбарыг хамарсан уур амьсгал чиглэлийн төсөл хөтөлбөр, яриа хэлэлцээрийг удирдсан 24 жилийн туршлагатай эмэгтэй юм байна.
 
Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газарт 2021 оны есдүгээр сараас эхлэн эрчим хүчний салбар хариуцан ажиллаж байсан туршлагатай бөгөөд 2023 оны наймдугаар сараас эхлэн Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байна гэж ЗТХЯ-аас мэдээллээ.