Соккоро Эскаланте: Сэтгэцийн эрүүл мэнд бүх хүнд хамаатай

Соккоро Эскаланте: Сэтгэцийн эрүүл мэнд бүх хүнд хамаатай

ДЭМБ-ын 2001 оны тайлан мэдээнд дэлхийд 450 сая сэтгэцийн эмгэгтэй иргэн байна гэсэн бол 2019 оны тайлан мэдээнд дэлхийд нийт 970 сая хүн сэтгэцийн эмгэгтэй буюу найман хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй болж өссөн байна.

Тухайлбал, 280 сая хүн сэтгэл гутрах эмгэгтэй, 301 сая хүн сэтгэл түгших эмгэгтэй буюу сэтгэцийн эмгэгийн дийлэнх хувийг эзэлж байгаа юм. 

"Ковид-19" цар тахлын нөлөөгөөр 2020 онд сэтгэл гутрах эмгэг 28, сэтгэл түгших эмгэг 26 хувиар нэмэгдсэн байна. Мөн зан үйлийн эмгэгтэй 40 сая хүн, хоёр туйлт эмгэгтэй 40 сая хүн, шизофренитэй 24 сая хүн, хооллох дурын эмгэгтэй 14 сая хүн байна гэсэн тоон мэдээ бий. Харин 2019 онд дэлхийд нийт 703.000 хүн амиа хорлон нас барсан байна.

Харин манай улсын хувьд 2013 онд СЭМҮТ-өөс улсын хэмжээнд хийсэн зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн судалгаагаар дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн тулгамдсан асуудалтай, тэр дундаа 18-64 насны хүмүүсийн дунд авч үзвэл, таван хүний нэг нь сэтгэл түгших, 5-6 хүн тутмын нэг нь органик бус нойрны эмгэгтэй, зургаан хүн тутмын нэг нь архаг ядаргаатай, найман хүн тутмын нэг нь тайлбарлаж болмооргүй биеийн зовуурь шаналгаа эмгэгтэй, 15-16 хүн тутмын нэг нь архинд донтох эмгэгтэй, 16 хүн тутмын нэг нь сэтгэл гутрах эмгэгтэй байна.

Сэтгэцийн эрүүл мэнд бүх хүнд хамаатай гэдгийг ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Соккоро Эскаланте онцоллоо.

Тэрбээр “Дэлхий дахинд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал түгээмэл тохиолдож, ачаалал үүсгэсээр байна. Улс орнуудад зонхилон тохиолдож буй сэтгэцийн ноцтой эмгэг болох шизофрени, хоёр туйлт эмгэгтэй хүмүүсийн хувьд бусад хүн амтай харьцуулахад 10-20 жил бага насалдаг. Гэтэл эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

Монгол Улсад сэтгэцийн эрүүл мэндийн талаар хамгийн сүүлийн судалгааг 10 жилийн өмнө хийсэн байна. 2013 оны байдлаар дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай амьдарсан байдаг. Энэ асуудлыг үүсгэж байгаа гол хүчин зүйл нь жендэр, гэр бүлийн гишүүд хоорондын харилцаа, гэрлэлтийн байдал, ажилгүйдэл, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх болон нийгмийн орчин. Тиймээс энэ жилийн Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдрийг “Сэтгэцийн эрүүл мэнд бол хүний эрхийн түгээмэл асуудал” уриан дор тэмдэглэлээ. Үүний шалтгаан нь сэтгэцийн эмгэгтэй хүмүүс ялгаварлан гадуурхагдах, шударга бус байдалд өртөх, хүчирхийллийн хохирогч болох нөхцөл байдалд амьдарч байгаа учраас тэднийг хамгаалах, анхаарал хандуулах хэрэгцээ шаардлага тулгараад байна” гэв.

СЭМҮТ-өөс энэ жилийн долоодугаар сараас эхлэн "Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрт" аяныг зохион байгуулж эхэлсэн байдаг.