Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд хамтарч ажиллана

Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд хамтарч ажиллана

Эрүүл мэндийн яам иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгоход түлхүү анхаарч ажиллаж байна.

Хүн амыг өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхэд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах хүрээнд эрүүл мэндийн чанартай боловсрол олгоход “Таван Богд” групп ЭМЯ-ыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.

Энэ чиглэлд хамтран ажиллах санамж бичиг байгуулан Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, “Таван Богд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

Гарын үсэг зурах үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Монгол Улсын хүн амын нас баралтын 10 тохиолдол тутмын 9 нь зүрх судасны эмгэг, хорт хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний шалтгаантай. Эдгээр өвчний гол шалтгаан нь амьдралын буруу хэв маяг, дадал зуршил бөгөөд 4 хүн тутмын нэг нь хөдөлгөөний хомсдолтой, 2 хүний нэг нь илүүдэл жин, таргалалттай, 3 хүний нэг нь архи хэрэглэдэг. Мөн тамхины хэрэглээгээр дэлхийд эхний 10-т орж, 2 эрэгтэйн нэг нь, 10 хүүхэд тутмын 3 нь тамхи татаж байна. Түүнээс гадна халдварт бус өвчин тэр дундаа хавдраар өвчилж буй хүмүүсийн 70 гаруй хувь нь хожуу үедээ оношлогдож байна.

ДЭМБ-аас хүний эрүүл мэндийн байдал, өвчлөх эрсдэл тухайн хүний амьдралын хэв маяг, дадал зуршил, зан үйлээс 55 хувь хамаардаг болохыг тогтоосон. Энэ нь иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх нь өвдөхөөс урьдчилан сэргийлэх хамгийн зөв, үр дүнтэй арга гэдгийн нотолгоо юм. 

Тиймээс нэгэн зууны турш иргэн таны эрүүл мэндийг төр, эмнэлэг, эмч хариуцна гэсэн буруу тогтолцоог өөрчилж, хүн амыг өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, иргэн хүний Үндсэн хуулиар хүлээсэн эрүүл мэндээ хамгаалах журамт үүргээ биелүүлдэг болгох, нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаанд байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна” гээд нийгмийн хариуцлагын хүрээнд иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд ЭМЯ-ыг дэмжиж ажиллаж буй “Таван Богд” группийн хамт олонд талархал илэрхийллээ

“Таван Богд” групп нь эрүүл мэндийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийж хавдрын эрт илрүүлгийг хиймэл оюун ухаанд суурилсан өндөр хүчин чадалтай, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд бүхий оношлогооны “Нура” төвийг Японы “Фүжи фильм”-тэй хамтран байгуулсан. Тус төвийн 95 эмч, ажиллагсад өдөртөө 50-60 хүнд хавдрын эрт илрүүлэг, оношлогоо шинжилгээ хийж байгаа гэдгийг тус группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан дурдаад “Манай групп 12 мянга гаруй ажиллагсадтай. Хамт олны минь дундаас олон хүн хорт хавдраар өвчилж оношлогоо, эмчилгээ хийлгэж чадалгүй нас барсан харамсалтай тохиолдол олон гарсан. Энэ бүгдэд сэтгэл эмзэглэн хавдрын оношлогоог эрт үед нь хийдэг эмнэлэгтэй болох нь зөв юм байна гэж олон жил хөөцөлдсөн ажлаа бодит болгож “Нура” төвийг байгуулсан. Манай төвийг зорьж ирэх хүний тоо өдөр өдрөөр нэмэгдэж байгааг хараад хүн эрүүл байхын тулд яах ёстой юм бэ гэж боддог болсон. Тиймээс өөрсдөөсөө эхлээд эрүүл мэндээ хамгаалах мэдлэгтэй болох ёстой юм байна гэж үзэж байгууллагынхаа хэмжээнд тодорхой арга хэмжээг авч эхэлсэн. Үүнийгээ олон нийтэд хүртээмжтэй байдлаар хийх нь зөв юм гэж ярилцаад иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулахад ЭМЯ-тай хамтарч ажиллахаар шийдсэн” гэж байлаа.

“Нура” төв ирэх онд илүү өргөжиж “Мега Нура” гэж илүү төвийнхөө нээлтийг хийнэ. Мөн Киргиз, Узбекстан, Казакстанд салбар төвүүдийг нээхээр ажиллаж байгаа аж. Энэ үеэр шинэ төвдөө ажиллах 200 эмчийг аль нэг эмнэлэгт ажиллаж байгаа туршлагатай эмч нараас биш АШУҮИС-ийн шинэ төгсөгчдөөс шалгаруулж авахаар яриа хэлэлцээг хийж буй юм байна.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд хамтрахаас гадна эмч, мэргэжилтнүүдийг сургах, эрүүл мэндийн салбарын үйлчилгээний стандарт, эмнэлгийн менежментийн чиглэлээр чадавхжуулах чиглэлд “Нура” төв, Японы “Фүжи фильм”-тэй хамтрах санал тавьсан.