13 А маягт “Эрүүл мэнд ба эдийн засаг“

13 А маягт “Эрүүл мэнд ба эдийн засаг“

Юуны өмнө энэ гарчиг бол ямар нэг номын бүлэг биш харин саяхан нийтээр шуугиж өөрчилсөн 13А маягтыг эрүүл мэнд, эдийн засгийн өнцгөөс харсан нийтлэл юм. Болоод өнгөрсөн юмыг хөндөж буй шалтгаан нь зарим хүний ойлгосон шиг энэ “цаас”-ыг хэн нэгэн хэдэн жилийн өмнө зохиогоод олны шахалт, шаардлагаар сая хүчингүй болгосон хэрэг биш билээ. Бодитоор харвал энэ маягтыг хэдхэн жилийн өмнө манайх зохиож хэрэглээгүй, бас энэ маань заавал цаасан байх ч албагүй юм. Энэ бол олон улсад мөрддөг анагаах ухаан, эдийн засаг, нийгмийн хөгжлийн ач холбодолтой бодлогын хэрэгсэл юм. Үүнийг болон бодлогын бусад аргыг мэргэжлийн түвшинд ашиглан эрүүл мэндийн салбарт одоо хийж байгаа, цаашид хийх олон өөрчлөлтийг салбар дотроо болон салбарын гадна, бодлогын шийдвэр гаргагчид, олон нийт ойлгож дэмжих хэрээр өөрчлөлт, шинэчлэлт илүү үр дүнд хүрнэ. Ингэснээр иргэд эрүүл амьдрах боломж нэмэгдэж эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн хамгаалал хоорондын харилцан уялдаа улам тодорно.

Өнөөдөр улс, орны хөгжилд хүний хүчин зүйл, эрүүл мэнд ямар чухлыг эдийн засаг, нийгмийн аль ч салбарт шинжлэх ухааны нотолгоонд суурилан ярилцах, ашиглах, үр дүн, ач холбогдлыг мэдэрч ойлгох боломжтой цаг үед бид амьдарч байна. Материал баялаг, мөнгө, санхүүгээс гадна тэдгээрийг зөв зохистой ашиглах мэдлэг чадвартай хүн, ажиллах хүч байж тэр баялаг, нөөц нь эдийн засгийн эргэлтэнд орж энэ хэрээр улс орон хөгждөг. Энэ утгаар хүний биеийн болоод сэтгэц, оюун санааны эрүүл мэнд бол эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол цөм нь юм. Нөгөө талаас хүн өөрөө байгалийн амьд бие, организм учраас элдэв өвчин, эмгэгт нэрвэгдэх эрсдэлтэй байнга тулгарч ирснээр өвчин эмгэгийг оношилж эмчлэх, урьдчилж сэргийлэх, эрүүл мэндийг хамгаалах хэрэгцээ, шаардлага дор эрүүл мэндийн тогтолцоо үүсч, хөгжсөн түүхтэй. Хөгжлөө дагаад энэ тогтолцоо улам боловсронгуй болж хүн амын эрүүл мэнд, анагаах ухаан төдийгүй удирдлага, эдийн засгийн шинжлэх ухаанд суурилсан үйл ажиллагаа явуулах болов. Эрүүл мэндийг нийгэм, эдийн засагтай холбож тогтолцоо, санхүүжилтийг нь тодотгосон анхны алхам 1883 онд Германд үүссэн эрүүл мэндийн албан журмын даатгал байв. Энэ нь нэг талаас ажилчдын эрүүл мэндийг хамгаалж хөдөлмөрийн өндөр бүтээмжийг хадгалахад анхаарч нөгөө талаас нийтээр эвсэлдэн нэгдэж өвчин эмгэгтэй тэмцэх зардлыг босгох шинэ санааг гаргаж хэрэгжүүлсэн нь өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй байна. Санхүүжилтийн эх үүсвэргүй бол ямарч тогтолцоо ажиллах боломжгүйгээс гадна эрүүл мэндэд зарах хөрөнгийг татвар, шимтгэл, хувийн төлбөрөөр босгох боломж нь хязгаартай тул байгаа хөрөнгөө хувь хүн гэхээс илүү олон нийтийн эрх ашигт нийцүүлж хамгийн үр дүнтэй хуваарилж, ашиглах шаардлагыг бодлогын түвшинд гаргаж тавьдаг. Энэ дагуу нийт хүн амд үзүүлэх эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээний багцыг тодорхойлж түүнийг үзүүлэх эрүүл мэндийн байгууллага, тогтолцоог хөгжүүлж товчдоо өвчнийг эмчлэх, сэргийлэх ямар тусламж, үйлчилгээг мэргэжлийн ямар байгууллагаар үзүүлэх, яаж санхүүжүүлэх, өвчний улмаас иргэд нь ядуурахгүй байх нь хөгжлийн зорилт юм. Энэ үзэл санаа дэлхийн бүх улс орнууд нийтээр хэлэлцэж баталсан 2030 оны тогтвортой хөгжлийн 17 зорилт (SDGs) дотор эрүүл мэндийн бүх нийтийн хамралт (SDG3), тэгш байдал, нийгмийн хамгаалал (SDG10)-ыг сайжруулж ядуурлыг эцэс, төгсгөл болгох (SDG1), эдийн засгийн өсөлтийг хангах (SDG7) хүрээнд бүгд хамтран ажиллах (SDG17) зорилтуудад тусгалаа олсон билээ.    

Өнгөрсөн түүхэн хугацаанд өвчин, эмгэгийн шинж чанар байнга хувирч өөрчлөгдөөд зогсоогүй байнга хүрээгээ тэлснээр эмчилгээ, оношлогооны шинэ арга, технологи, эм, тоног төхөөрөмжтэй холбогдсон зардал байнга өсч 2021 оны байдлаар Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 11 хувьд хүрээд байна. Өвчлөл талаас харвал дэлхийн хэмжээнд одоогоор бүртгэгдсэн, хүний эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралтын шалтгаан болсон нийт 17 мянга гаруй өвчний бүлэг дотроо задарч 120 мянга гаруй кодоор тэмдэглэгдэж энэ нь цааш 1.6 сая орчим клиникийн тохиолдол болж бүртгэгддэг мэдээлэл, статстикийг дэлхий нийт ашиглаж байна. Эрүүл мэндийн энэ бүх тусламж, үйлчилгээг зөвхөн нэг түвшинд, нэг газар бүгдийг төвлөрүүлж үзүүлэх, дээр нь өвчтөн өөртөө онош тавиад эмчлэх газраа сонгож үйлчлүүлэх боломж анагаах ухаан талаас яагаад ч байхгүй. Хийсвэрээр ийм байж болох юм гэж төсөөлвөл эрүүл мэндийн тогтолцоо, зардал нь хамгийн үр дүнгүй, цаашлаад эрүүл мэндийн салбарын зардлыг даах санхүүжүүлэлтийн эх үүсвэр хувь хүн, айл өрх төдийгүй эрүүл мэндийн даатгал, улсын төсөв, нийгмээрээ дийлэхгүй тул эдийн засаг нь унаж дампуурахаас өөр арга замгүй юм.

 

Тусламж, үйлчилгээний шатлал

Дэлхийн ямарч улс оронд нийт хүн амын эрүүл мэндийг хамгаалах, сайжруулах үндсэн зорилгод нийцүүлэн эрүүл мэнд, эдийн засгийн харилцан үйлчлэлийг ашиглаж нэг нь нөгөөгөө дэмжсэн бодлогыг хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлвэл ямар үйлчилгээг ямар түвшинд үзүүлэхийг нарийн заагласан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний шатлал, түүний санхүүжилт, эдийн засгийн урамшил, хөшүүргийн механизм үйлчилдэг. Үүнийг бүхэлд нь дүрсэлвэл пирамид хэлбэртэй, хамгийн олон хүн хүрсэн, хамгийн бага зардлаар өндөр үр дүнд хүрдэг нь нотлогдсон эрүүл мэндийн анхан шатлал дээр суурилж босох хоёр, гуравдах шатлалын үйлчилгээ, түүний дээр пирамидын шовх орой нь архаг, хүнд өвчнийг нарийн мэргэжлийн түвшинд өндөр өртөг, зардлаар эмчлэх тусламж болж төгсдөг. Энэ зарчмаар эрүүл мэндийн салбар, тогтолцооны хөгжлийг эмнэлэг олноор барих биш харин хүн амын эрүүл мэндийн асуудлын 80 орчим хувийг шийдэх боломжтой эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд иргэдээ бүрэн хамруулахыг улс орнууд зорьдог.

Энэ шатлалыг манай нөхцөлд буулгавал өрхийн болон хэсэг, баг, сумын эмч нар голлон анхан шатанд ажиллаж, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд хоёр дахь шатлал, улсын клиникийн төв эмнэлгүүд гурав, нарийн мэргэжлийн төвүүд дөрөв дэх шатлалын тусламж үзүүлэхээр зохион байгуулагдсан байдаг. Зардлын хувь авч үзвэл доошоо харсан пирамид дүрстэй болно. Энэ нь хувь хүн болон, нийгэмдээ тусах зардал нь шатлал ахих тутам өсч нэмэгдэнэ гэсэн үг. Ийм л зарчмаар манай эрүүл мэндийн салбар, тогтолцоо хөгжиж ирсэн, цаашид ч энэ зарчмаас хазайж ухрах боломж байхгүй.  

Манай улсын Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргадаг 2022 оны эрүүл мэндийн үзүүлэлт, статистик тайлангаас харвал манай улсад нийт 4652 эрүүл мэндийн байгууллага хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаагаас анхан шатанд сум, өрхийн эрүүл мэндийн 515 төв, сумын нэгдсэн эмнэлэг 6, хоёр, гурав дах шатлалд аймгийн нэгдсэн эмнэлэг 16, дүүргийн нэгдсэн эмнэлэг 4, дүүргийн нийгмийн эрүүл мэндийн төв 10, бүсийн оношилгоо эмчилгээний төв 5, дөрөв дэх шатлалд төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг 14, тусгай мэргэжлийн төв 3 ажиллаж байна. Үүнээс гадна хувийн ортой эмнэлэг 215, хувийн клиник 1458 байна.

Өнгөрсөн онд манай хүн амын дунд бүртгэгдсэн өвчлөлийн тохиолдол өмнөх онтой харьцуулахад 10 000 хүн ам тутамд 2224, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 163-аар тус тус нэмэгджээ. Мөн эмнэлгийн нэг оронд ногдох хүний тоо 113, нэг их эмчид ногдох хүний тоо 239 болж давхрадсан тоогоор 10 000 хүн тутмын 3011 хүн эмнэлэгт хэвтэж жилдээ 1 иргэн 6 удаа амбулаторийн тусламж, үйлчилгээ авчээ.