Авто зам засвар арчлалтын 20 компанийг нэгтгэх асуудлыг эсэргүүцэж хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсгэж байгаагаа мэдэгдлээ

Авто зам засвар арчлалтын 20 компанийг нэгтгэх асуудлыг эсэргүүцэж хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсгэж байгаагаа мэдэгдлээ

Монголын Авто замчдын ҮЭ-ийн холбооноос хэвлэлийн хурал зохион байгуулж, “УИХ-ын 2022.04.29-ний өдрийн 16 дугаар тогтоолоор 2022-2023 онд төрийн өмчит компаниудын хувьцааг хөдөлмөрийн биржээр олон нийтэд нээлттэй худалдахаар болсонтой холбогдуулан авто зам засвар арчлалт (АЗЗА)-ын орон нутгийн өмчит 20 компанийг нэгтгэж хувьцааг нь олон нийтэд худалдах шийдвэр гаргасныг Монголын Автозамчдын ҮЭ-ийн холбоо болон салбарын ажилтнууд эсэргүүцэж байна.
 
“Монголын Авто замчдын ҮЭ-ийн холбоо, Зам тээврийн хөгжлийн яамтай хамтран байгуулдаг салбарын хэлэлцээрийн 2.12-т “Авто замын засвар арчлалтын төрийн өмчит хувьцаат компаниудыг хувьчлах шийдвэр гарсан тохиолдолд тухайн байгууллагын ажилтнуудын ажлын байрны баталгаа, нийгмийн хамгааллын асуудлаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай Зам тээврийн хөгжлийн яам болон Монголын авто замчдын Үйлдвэрчний эвлэлүүдийн хэлэлцээр хийж, тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэнэ”. “Хөдөлмөрийн тухай хуулийн хоёр дугаар зүйлд Монгол Улсын хууль захиргааны хэм хэмжээний акт, салбарын хэлэлцээр хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэнэ” гэж тус тус заасан байдаг. УИХ, Засгийн Газраас салбарын хэлэлцээрийн заалтыг зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу бид сонирхлын маргаан үүсгэхээ мэдэгдэж байна” хэмээн МАЗ-ын ҮЭ-ийн холбооны дарга Б.Цэрэнпүрэв мэдэгдэл хийлээ.
 
Тус холбооны “Замчдын эрхийг хамгаалах ажлын хэсэг”-ээс АЗЗА-ын төрийн өмчит орон нутгийн 20 команийг нэгтгэхийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байгаа бөгөөд салбарын хэлэлцээрийн хүрээнд зам тээврийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалт газар, Салбарын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ҮЭ-ийн төлөөлөл 900 ажилтны төлөөлөлтэй хэлэлцээрийн ширээний ард суухыг шаардаж байна.
 
Үүнд:
 
1. Бодлого, тогтолцоо, бүтэц нь зохион байгуулалт тодорхойгүй
2. Замчдын санал хүсэлтийг сонсоогүй, судалгаа шинжилгээ хийгээгүй
3. 1990 онд Нэгтгэл болгосон алдаагаа давтсан
4. Иргэдийн аюулгүй байдалд заналхийлсэн
5. Шат дамжлага, хүнд суртал бий болгосон
6. Өмч хөрөнгийг шамшигдуулах шийдвэр гарсан гэж үзэж байна гэж Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос мэдээллээ.